1.1.Монгол Улсын Эрүүгийн хуулийн зорилт нь Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон хувийн өмч, үндэсний баялаг, байгаль орчин, эрх зүйн журам, энхтайван, хүн төрөлхтөний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалахад оршино.
1.2.Монгол Улсын Эрүүгийн хууль энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд хүн, төр, нийгэмд аюултай ямар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, түүнийг үйлдсэн гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тогтооно.
2.1.Эрүүгийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль1, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээнд үндэслэнэ.
2.2.Эрүүгийн хууль тогтоомж нь энэ хуулиас бүрдэнэ. Үйлдэл, эс үйлдэхүйг шинээр гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага тогтоосон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан хууль энэ хуулийн бүрэлдэхүүн хэсэг болно.
3.1.Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, түүнд оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээг зөвхөн энэ хуулиар тодорхойлно.
3.2.Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглоно.
3.3.Хүний үзэл бодол, итгэл үнэмшлийн төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй.