Jury

Дөрөвдүгээр бүлэг. Ял оногдуулах, ялаас чөлөөлөх тухай

Монгол Улсын эрүүгийн хууль 42 дугаар зүйл. Насанд хүрээгүй этгээдэд хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1986-12-05
Мөрдөж эхэлсэн
1986-12-05
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

1.Гурван жил хүртэл хугацаагаар анх удаа хорих ял шийтгүүлж байгаа насанд хүрээгүй этгээдэд шүүх ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал болон хэргийн бусад нөхцөл байдал, түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр засан хүмүүжүүлэх, дахин боломжийг харгалзан хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. Шүүх энэ тохиолдолд нэмэгдэл ял биелүүлэхийг нэгэн адил хойшлуулж болно.

2.Энэ зүйлийн нэг дэх хэсэгт заасан журмыг төрийн эсрэг онц аюултай гэмт хэрэг /60-68 дугаар зүйл/; зандалчлах /73 дугаар зүйл/; бусдыг санаатай алах /86 дугаар зүйл/; бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах /90 дугаар зүйл/; хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүчиндэх /112 дугаар зүйлийн хоёр, гурав дахь хэсэг/; хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эд хөрөнгийг дээрэмдэх /125 дугаар зүйлийн хоёр дахь хэсэг/; онц хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар танхайрах /239 дүгээр зүйлийн гурав дахь хэсэг/ гэмт хэрэг үйлдсэн насанд хүрээгүй этгээдэд хэрэглэхгүй. /Энэ хэсэгт 1990 оны 12 дугаар сарын 28, 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

3.Шүүх насанд хүрээгүй этгээдэд хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа тодорхой хугацаанд ажил буюу сургуульд орох, учруулсан хохирлоо арилгах, ажлын газар сургуулиа өөрчилсөн тухайгаа цагдаагийн байгууллагад мэдэгдэх, бүртгүүлэхээр уг байгууллагад үе үе ирж байх болон тодорхой газар очихгүй байх, түүнчлэн засан хүмүүжүүлэх, дахин хүмүүжүүлэх тус дөхөм үзүүлэх бусад үүргийг түүнд даалгаж болно.

4.Шүүх түүнчлэн уг ялтныг хараа хяналтдаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг хөдөлмөрийн тодорхой хамт олон буюу хүнд тэдний зөвшөөрснөөр хариуцуулж болно.

5.Хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд уг ялтанд хяналт тавих үүргийг орон нутгийн Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны дэргэдэх насанд хүрээгүй хүмүүсийн хэрэг эрхлэх комисс болон цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ.

6.Хэрэв хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд ялтан өөрийн засарч хүмүүжсэнээ үлгэр жишээ зан төлөв, сурлага, хөдөлмөрт үнэнч шударга ханддагаараа харуулбал орон нутгийн Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны дэргэдэх насанд хүрээгүй хүмүүсийн хэрэг эрхлэх комисс болон цагдаагийн байгууллагын саналаар шүүх түүнийг ялаас чөлөөлж болно.

7.Ялтан хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүхээс даалгасан үүргийг биелүүлээгүй, эсхүл нийгмийн хэв журам зөрчиж захиргааны шийтгэлийн арга хэмжээ авагдсан байвал шүүх орон нутгийн Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны дэргэдэх насанд хүрээгүй хүмүүсийн хэрэг эрхлэх комисс болон цагдаагийн байгууллагын саналаар хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсныг хүчингүй болгож, уг таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг эдлүүлэх тухай магадлал гаргана.

8.Таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд уг ялтан гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 38 дугаар зүйлд заасан журмаар ял оногдуулна.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуультай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.