/Энэ зүйлийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
29¹.1.энэ хуулийн 27.1, 29.2-т заасан зөвшөөрлийг Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлд заасны дагуу дуудлага худалдааны журмаар олгоно.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
29¹.2.Энэ хуулийн 29¹.1-д заасан зөвшөөрлийн дуудлага худалдааг мөн хуулийн 26.3-т заасны дагуу Засгийн газраас тусгай зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг баталсан шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор олон нийтэд нээлттэй мэдээлж, 30 хоногийн дотор цахим хэлбэрээр зохион байгуулна.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
29¹.3.Энэ хуулийн 6¹ дүгээр зүйлд заасан мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэгч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч дэнчин төлж, бүртгүүлэн дуудлага худалдаанд оролцоно.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
29¹.4.Дуудлага худалдаанд оролцогч дуудлага худалдаа эхлэх босго үнэтэй тэнцүү хэмжээний дэнчинг дуудлага худалдаа эхлэхээс 24 цагийн өмнө дуудлага худалдаа зохион байгуулагчийн холбогдох дансанд байршуулна.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
29¹.5.Дуудлага худалдаа зохион байгуулагч нь дуудлага худалдаа явуулах тухай шийдвэр, төлбөрийн хэмжээг танилцуулна.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
29¹.6.Анхны үнийн санал гарснаар дуудлага худалдааг эхэлсэнд тооцох бөгөөд хамгийн өндөр үнийн саналаар ялагч тодорсноор дуудлага худалдааг дуусгавар болгоно.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
29¹.7.Дуудлага худалдаа зохион байгуулагч нь сүүлийн үнийг зарлаж, сүүлийн үнэ тодорхой болсны дараа дуудлага худалдааг дуусгавар болгож, ялагчийг зарлана. Дуудлага худалдааны ялагч нь дуудлага худалдаанд ялсан үнийг 24 цагийн дотор дуудлага худалдаа зохион байгуулагчийн холбогдох дансанд бүрэн төлсний дараа зохион байгуулагч ялагчийг баталгаажуулсан шийдвэр гаргана.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
29¹.8.Дуудлага худалдааны ялагч энэ хуулийн 29¹.7-д заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлөөгүй бол дэнчинг улсын орлого болгож, дуудлага худалдааны үед дараагийн өндөр үнийн санал гаргасан этгээдэд түүний санал гаргасан үнийн дүнгээр 24 цагийн дотор санал тавина. Саналыг хүлээж авсан тохиолдолд тухайн этгээд төлбөрийг 24 цагийн дотор дуудлага худалдаа зохион байгуулагчийн холбогдох дансанд бүрэн төлсний дараа зохион байгуулагч ялагчийг баталгаажуулсан шийдвэр гаргана.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
29¹.9.Дуудлага худалдааг зохион байгуулагч дуудлага худалдааны явцад тэмдэглэл үйлдэж, дуу-дүрсний бичлэгээр баталгаажуулна. Оролцогчид болон зохион байгуулагч талын төлөөлөл тэмдэглэлд гарын үсэг зурна.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
29¹.10.Дуудлага худалдаанд оролцогчид тэмдэглэлд үндэслэлгүйгээр гарын үсэг зурахаас татгалзсан тохиолдолд дэнчингээ алдана.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
29¹.11.Энэ хуулийн 29¹.7, 29¹.8-д заасан төлбөрийг төлөхөд дуудлага худалдаанд оролцоход урьдчилан төлсөн дэнчинг үнийн дүнд оруулж тооцно.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
29¹.12.Дараах тохиолдолд дахин худалдааг зохион байгуулна:
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
29¹.12.1.дуудлага худалдаанд нэг оролцогч ирсэн;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
29¹.12.2.дуудлага худалдаанд оролцогчид үнийн санал гаргаагүй;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
29¹.12.3.энэ хуулийн 29¹.8-д заасан нөхцөл байдал үүссэн бөгөөд дараагийн өндөр үнийн санал гаргасан этгээд татгалзсан тохиолдолд.
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
29¹.13.Дуудлага худалдаанаас олсон нийт орлогын 50 хувийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5.3.1-д заасан Байгаль орчин, уур амьсгалын санд төвлөрүүлнэ.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
29¹.14.Энэ хуулийн 29¹.1-д заасан зөвшөөрлийн дуудлага худалдааны эхлэх босго үнийн хэмжээг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
29¹.15.Энэ хуулийн 29¹.1-д заасан зөвшөөрлийн дуудлага худалдааны эхлэх босго үнэ тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээний 50 хувьтай тэнцүү байна.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
29¹.16.Дуудлага худалдааны ялагч агнуурын бүсийг гэрээгээр эзэмшигч бол тусгай зөвшөөрлийг өөрийн хариуцдаг агнуурын бүс нутагт бүртгүүлж, аймгийн байгаль орчны газартай гэрээ байгуулна.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
29¹.17.Дуудлага худалдааны ялагч агнуурын бүсийг гэрээгээр эзэмшигч биш бол аймгийн байгаль орчны газар болон агнуурын бүс нутгийг гэрээгээр эзэмшигч хуулийн этгээдтэй гурвалсан гэрээ байгуулна.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
29¹.18.Аймаг, нийслэлийн байгаль орчны газар дуудлага худалдааны ялагчийн жагсаалт, агнуурын нөөц ашигласны төлбөр, хураамжийг төлсөн баримт, энэ хуулийн 29¹.16-д заасан гэрээг үндэслэн тусгай зориулалтаар агнуурын амьтныг агнах тусгай зөвшөөрлийг олгоно.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./