10.1.Тархины үхэл тодорхойлох мэргэшсэн багаар тархины үхэлтэй болох нь тогтоогдсон тохиолдолд амьгүй донороос эрхтэн, эд, эс авна.
10.2.Энэ хуулийн 10.1-д заасан донорын эхнэр, нөхөр, төрүүлсэн болон үрчилж авсан эцэг, эх, төрсөн хүүхэд, төрсөн ах, эгч, дүү, төрлийн хүн, садангийн хүн гэсэн дарааллаар гэр бүлийн гишүүдийн гурав хүртэлх гишүүнээс зөвшөөрлийг бичгээр авсан байна.
10.3.Амьгүй донорын эрхтэн, эд, эсийг зөвхөн Монгол Улсын иргэнд шилжүүлэн суулгана.
10.4.18 хүртэлх насны амьгүй донорын эрхтэн, эд, эсийг хүүхэд, насанд хүрсэн хүн гэсэн дарааллаар шилжүүлэн суулгана.
10.5.Гэмт хэргийн улмаас тархины үхэлтэй болох нь эрх бүхий байгууллагаас тогтоогдсон амьгүй донороос эрхтэн, эд, эс авах тохиолдолд холбогдох журмыг эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах асуудал хариуцсан эрүүл мэндийн байгууллагын саналыг үндэслэн эрүүл мэндийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Улсын ерөнхий прокурор хамтран батална.
10.6.Амьгүй донорт насны хязгаар заахгүй.