12.1.Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Монгол Улсад бүртгэх улсын агаарын хөлөг, түүний бүрдэл хэсгийн бүртгэлийг хөтөлнө.
12.2.Улсын агаарын хөлгийг эзэмшигч байгууллага өөрийн өмчлөл, эсхүл эзэмшилд байгаа бусад улсад бүртгэлгүй агаарын хөлгийг Улсын нисэхийн багц дүрмийн дагуу улсын агаарын хөлгийн бүртгэлд бүртгүүлнэ.
12.3.Улсын агаарын хөлөг нислэгийн аюулгүй ажиллагааны нөхцөлийг хангасан нислэгт тэнцэх чадварын гэрчилгээтэй байна.
12.4.Энэ хуулийн 12.2-т заасны дагуу улсын агаарын хөлгийн бүртгэлд бүртгүүлээгүй, нислэгт тэнцэх чадварын гэрчилгээгүй улсын агаарын хөлгөөр нислэг үйлдэхийг хориглоно.
12.5.Нислэгт тэнцэх чадварын гэрчилгээнд түүний хүчинтэй хугацаа, агаарын хөлгийн зориулалт, нислэгийн аюулгүй байдлыг хангахад шаардлагатай ангилал, хязгаарлалт болон бусад мэдээллийг тусгана.
12.6.Энэ хуулийн 10.1.6-д заасан даатгалыг улсын төсвийн санхүүжилтээр шийдвэрлэнэ.