1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ.
2.Дараахь тохиолдолд заавал шинжилгээ хийлгэнэ:
2.1.гадны нөлөөгөөр, эсхүл сэжигтэй байдлаар хүн нас барсан бол түүний шалтгааныг тогтоох;
2.2.хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох;
2.3.гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусгаж, зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхэд эргэлзээ төрвөл түүний сэтгэцийн байдлыг тодорхойлох;
2.4.бүх насаар хорих ял оногдуулж болох гэмт хэргийн яллагдагчийн сэтгэцийн байдлыг тодорхойлох;
2.5.сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогчийн насны тухай бичиг баримт байхгүй бөгөөд тэдний насыг тогтоох нь хэрэгт ач холбогдолтой байвал.
3.Шинжилгээ хийлгэх шийдвэрт Шүүх шинжилгээний тухай хуулийн 7.3-т заасан зүйлийг тусгана.
/Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
4.Яллагдагч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид шинжилгээ хийлгэх шийдвэрийг танилцуулна.
/Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
5.Яллагдагч, шүүгдэгч нь сэтгэцийн өвчний улмаас хэргийн байдлыг ойлгох чадваргүй бол шинжилгээ хийлгэх шийдвэрийг түүнд танилцуулахгүй байж болно.
/Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.Хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл, хэсэг, заалтыг тайлбарлуулахаар шинжилгээ хийлгэхийг хориглоно.
/Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
7.Шинжээч нь шүүх, прокурор, мөрдөгчийн шинжилгээ хийх жишиг хугацааг үндэслэн тогтоосон хугацаанд шинжилгээ хийж, дүгнэлт гаргана.
/Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
8.Шинжээч нь шинжилгээний цар хүрээ, онцлогоос хамаарч тогтоосон хугацаанд дүгнэлт гаргах боломжгүй бол шинжилгээ хийх хугацааг сунгуулах хүсэлтийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 16.3, 16.4, 16.5, 16.6-д заасан журмын дагуу гаргаж, шийдвэрлүүлнэ.
/Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./