Jury

Дөрөвдүгээр бүлэг. Хуулийн төслийн төрөл, бүтэц, хэлбэр, эх бичвэрт тавих шаардлага

Хууль тогтоомжийн тухай хууль 28 дугаар зүйл. Хуулийн төслийн бүтэц, хэлбэр

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-05-29
Мөрдөж эхэлсэн
2016-02-10
Эх сурвалжаас татсан
2026-10-17

28.1.Хуулийн төсөл дараах бүтэцтэй байна:

28.1.1.хуулийн төслийн гарчиг, бүтцийн товьёг ;
/Энэ заалтад 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

28.1.2.хуулийн төслийн бүтцийн үндсэн нэгж болох зүйл;

28.1.3.зүйлийн доторх хэсэг;

28.1.4.хэсгийн доторх заалт;

28.1.5.заалтын доторх дэд заалт;

28.1.6.шаардлагатай бол бүлэг, дэд бүлэг, хэсэг, дэд хэсэг, анги.

28.2.Хуулийн төслийн бүтэц дараах шаардлагыг хангасан байна:

28.2.1.зүйл нь хоорондоо уялдаа холбоо, дэс дараалал бүхий, агуулгыг товч илэрхийлсэн гарчиг, нэгдсэн дугаартай байх;

28.2.2.бие даасан санаа бүрийг зүйлд тусгах;

28.2.3.өгүүлбэрүүд нь нэг санааг илэрхийлж байвал нэг хэсэгт тусгах ба бие даасан санаа нь хэд хэдэн өгүүлбэрээр илэрхийлэгдэж байвал зүйлийг хэсэгт хуваах;
/Энэ заалтад 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

28.2.4.заалт нь аль болох цөөн өгүүлбэрээс бүрдсэн байх;
/Энэ заалтад 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

28.2.5.зүйлүүдийг сэдвээр нь бүлэглэж, бүлгийг хэсэг, ангид нэгтгэх.
/Энэ заалтад 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

28.3.Хуулийн төслийн бүтцийг дараах дарааллаар байрлуулна:

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

28.3.1.хуулийн төслийн гарчиг, бүтцийн товьёг;
/Энэ заалтад 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

28.3.2.нийтлэг хэм хэмжээ тогтоож байгаа зүйлийг нэгтгэсэн "ерөнхий анги", эсхүл "нийтлэг үндэслэл" гэсэн бүлэг, хэсэг;

28.3.3.цагаан толгойн үсгийн дарааллаар байрлуулсан нэр томьёоны тайлбар;
/Энэ заалтад 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

28.3.4.тусгайлсан хэм хэмжээ тогтоож байгаа зүйлийг нэгтгэсэн тусгай "анги", эсхүл агуулгаар нь бүлэг, хэсэг болгосон эрх зүйн хэм хэмжээ;

28.3.5.иргэн, хуулийн этгээдээс үйл ажиллагаа явуулах журам, тэдгээрийн эрх, үүрэг;

28.3.6.асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон бусад төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа явуулах журам, бүрэн эрх;
/Энэ заалтыг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./

28.3.7.онцгойлон үзэх нөхцөл байдал;
/Энэ заалтын дугаарт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

28.3.8.хариуцлага тогтоож байгаа хэм хэмжээ;
/Энэ заалтын дугаарт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

28.3.9.хуулийг дагаж мөрдөх журмын зохицуулалт;
/Энэ заалтын дугаарт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

28.3.10.шаардлагатай бол хууль хүчин төгөлдөр болох тухай хэм хэмжээ;
/Энэ заалтын дугаарт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

28.3.11.бусад зүйл.
/Энэ заалтын дугаарт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

28.4.Хуулийн төслийн гарчиг дараах зүйлээс бүрдэнэ:

28.4.1."Монгол Улсын хууль" гэсэн толгой;

28.4.2.хуулийг баталсан он, сар, өдөр /араб тоогоор бичнэ/;

28.4.3.хуулийг баталсан газар /хот/-ын нэр;

28.4.4.агуулгыг товч, тодорхой илэрхийлсэн хуулийн нэр.

28.5.Энэ хуулийн 28.4.4-т заасан хуулийн нэрийг дан том үсгээр бичих бөгөөд дараах төрөлтэй байна:

28.5.1.тухайлсан нь: "… тухай" гэсэн үгээр төгсгөнө. /АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ, МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ г.м/

28.5.2.оноосон нь: "…-ийн хууль" гэдэг үгээр төгсгөнө. /ИРГЭНИЙ ХУУЛЬ, АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ г.м/

28.6.Хуулийн төслийн бүтцийн хэсгийг дараах байдлаар дугаарлана:

28.6.1.анги, хэсгийг ром тоогоор, эсхүл бичгээр;

28.6.2.бүлгийг бичгээр;

28.6.3.зүйлийг араб тоогоор, ард нь "дүгээр", эсхүл "дугаар" зүйл гэж бичгээр /1 дүгээр зүйл. г.м/;

28.6.4.зүйлийн доторх хэсгийг баруун талдаа цэгтэй араб тоогоор /1.1. г.м./;

28.6.5.зүйлийн доторх хэсгийн доторх заалтыг баруун талдаа цэгтэй араб тоогоор /1.1.1. г.м/;

28.6.6.заалтын доторх дэд заалтыг үсгээр /1.1.1.а. г.м/.

28.7.Зохицуулах харилцааны онцлогоос хамаарч шаардлагатай тохиолдолд хуулийн төслийн бүтцийн хэсгийг дараах байдлаар дугаарлаж болно:

28.7.1.зүйлийг дугаарлахдаа зүйлийн дугаарын өмнө нь баруун талдаа цэгтэй тухайн бүлгийн дугаарыг араб тоогоор бичиж, ард нь "дүгээр", эсхүл "дугаар" гэж бичгээр /1.1 дүгээр зүйл. г.м/;

28.7.2.хэсгийг баруун талдаа цэгтэй араб тоогоор /1. г.м./;

28.7.3.хэсгийн доторх заалтыг баруун талдаа цэгтэй араб тоогоор /1.1. г.м/;

28.7.4.заалтын доторх дэд заалтыг үсгээр /1.1.а. г.м/.

28.8.Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн заалтыг дараах дарааллаар байрлуулна:

28.8.1.хуульд нэмэлт оруулах;

28.8.2.хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг өөрчлөн найруулах;

28.8.3.хуулийн зарим нэр томьёо, үг, өгүүлбэрийг өөрчлөх;

28.8.4.хуулийн зарим үг, өгүүлбэрийг хасах;

28.8.5.зүйл, хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох;

28.8.6.шаардлагатай бол хуулийг дагаж мөрдөх хугацаа.

28.9.Нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зүйл доторх заалтыг баруун талдаа хаалт бүхий араб тоогоор дугаарлана /1/ г.м/.

28.10.Хуульд шинээр нэмэгдэх зүйл нь анхдагч эх бичвэрийн тухайн зүйл заалтаас салшгүй утга агуулгатай бол дугаарыг тэмдэглэхдээ баруун дээд өнцөгт нь жижиг араб тоогоор дугаарлана /52¹ дүгээр зүйл г.м/.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай

    Заалт5

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.