Засгийн газар тусгай хамгаалалттай газар нутгийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулж хангах;
2/тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах эдийн засаг, зохион байгуулалтын тогтолцоог бүрдүүлж энэ асуудлаар Засгийн газрын болон Засгийн газрын бус байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулах;
3/тусгай хамгаалалттай газар нутгийг гамшиг болон аюулаас сэргийлэх, тэдгээрээс учирсан хор уршгийг арилгахад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүчийг нэгтгэн зохион байгуулж, шаардлагатай арга хэмжээ авах;
/Энэ хэсэгт 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
4/тусгай хамгаалалттай газар нутаг, түүний орчны бүсийг хөгжүүлэх, экологийн аюулгүй байдал, байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах үндэсний хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;
5/энэ хуульд заасан хамгаалалтын дэглэмийн хүрээнд тухайн дархан цаазат газар, байгалийн цогцолборт газрын хамгаалалтын горимыг батлах;
6/байгалийн нөөц газрын болон дурсгалт газрын хилийн заагийг тогтоох.