160².1.Арбитрын хэлэлцээрийн тал нь Арбитрын тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан үндэслэлээр арбитрын үндсэн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай өргөдлөө Арбитрын тухай хуульд заасан харьяаллын шүүхэд гаргаж болно.
160².2.Энэ хуулийн 160².1-д заасан өргөдөл гаргагч нь хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлнө.
160².3.Арбитрын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай өргөдлийг бичгээр үйлдэж, өргөдөл гаргагч буюу түүний хууль ёсны төлөөлөгч гарын үсэг зурна.
160².4.Өргөдөлд дараахь зүйлийг тусгана:
160².4.1.гарчиг;
160².4.2.үндсэн шийдвэр гаргасан арбитрч, арбитрын бүрэлдэхүүний нэр;
160².4.3.арбитрын ажиллагаанд оролцогч талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ хаяг, утас, факсын дугаар, цахим шуудангийн хаяг;
160².4.4.арбитрын үндсэн шийдвэр гарсан огноо, газар;
160².4.5.өргөдөл гаргагч арбитрын үндсэн шийдвэрийг хүлээн авсан огноо;
160².4.6.арбитрын үндсэн шийдвэрийг хүчингүй болгуулах үндэслэл.
160².5.Энэ хуулийн 160².4-т заасан өргөдөлд дараахь баримт бичгийг хавсаргана:
160².5.1.арбитрын үндсэн шийдвэрийн эх хувь буюу түүний нотариатаар баталгаажуулсан хуулбар, хэрэв үндсэн шийдвэр гадаад хэлээр бичигдсэн бол түүний монгол хэл дээрх албан ёсны орчуулга;
160².5.2.арбитрын хэлэлцээрийн эх хувь буюу түүний нотариатаар баталгаажуулсан хуулбар, хэрэв хэлэлцээр гадаад хэлээр бичигдсэн бол түүний монгол хэл дээрх албан ёсны орчуулга;
160².5.3.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
160².5.4.арбитрын үндсэн шийдвэрийг хүчингүй болгуулах үндэслэлээ нотлох баримт;
160².5.5.арбитрын үндсэн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай өргөдөлд гарын үсэг зурсан этгээдийн бүрэн эрхийг нотолсон баримт бичиг буюу итгэмжлэл.
160².6.Шүүх энэ зүйлд заасан журмыг зөрчиж гаргасан өргөдлийг буцааж, уг зөрчлийн талаар мэдэгдэнэ.