14.1.Үндэсний баялгийн сангийн тухай хууль^[6], Ашигт малтмалын тухай хууль^[7] болон бусад хуульд заасан үндэслэл, журмын дагуу стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа компанийн хувьцааг эзэмших замаар төр хөрөнгө олж авч болно.
14.2.Төр, эсхүл орон нутаг нь компанийн энгийн хувьцааг дараах тохиолдолд олж авч болно:
14.2.1.бэлэглэл, өв залгамжлалаар эзэмшилдээ олж авсан;
14.2.2.Иргэний хуульд заасан арилжааны гэрээний дагуу;
14.2.3.шүүх, арбитрын шийдвэрийн дагуу.
14.3.Энэ хуулийн 14.2-т заасны дагуу компанийн энгийн хувьцааны гуравны нэгээс доош хувийг олж авсан бол төр, эсхүл орон нутаг тухайн хувьцааны зах зээлийн үнэ болон бодит үнэ цэнийг тооцон, аль өндөр үнээр тухайн хувьцааг худалдана.
14.4.Энэ хуулийн 14.3-т заасан компани нь хязгаарлагдмал хариуцлагатай компани, эсхүл хаалттай хувьцаат компани бол тухайн олж авсан хувьцааг Компанийн тухай хуульд өөрөөр заагаагүй бол бусад хувьцаа эзэмшигчид тэргүүн ээлжид худалдаж авахыг санал болгоно.
14.5.Энэ хуулийн 14.4-т заасны дагуу санал болгосон хувьцааг тэргүүн ээлжид худалдаж аваагүй тохиолдолд нээлттэй дуудлага худалдаагаар худалдана. Нээлттэй дуудлага худалдаагаар худалдах хувьцааны үнэ энэ хуулийн 14.3-т зааснаас доошгүй байна.
14.6.Энэ хуулийн 14.3-т заасан компани нь нээлттэй хувьцаат компани бол тухайн олж авсан хувьцааг арилжаа эрхлэх байгууллагаар дамжуулан худалдана.