Jury

Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хууль 4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2026-05-08
Эх сурвалжаас татсан
2026-10-22

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."эрхтэн, эд, эс" гэж хүний эрхтэн, эрхтний хэсэг, эдийн нийлмэл бүрдэл болон эсийг;

4.1.2."амьд донор" гэж бусдын эрүүл мэндийг хамгаалах, амьдралын чанарыг сайжруулах зорилгоор сайн дураар эрхтэн, эд, эсээ өгөгч гэр бүлийн гишүүн, хүргэн, бэрийг;

4.1.3."амьгүй донор" гэж тархины үйл ажиллагаа бүрэн алдагдсан буюу эргэж сэргэхгүйгээр алдагдсан, тархины үхэл тодорхойлох мэргэшсэн багаар тархины үхэл нь тогтоогдсоны дараа үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа эрхтэн, эд, эсийг шилжүүлэн суулгахаар авч болох донорыг;

4.1.4."эсийн донор" гэж үүдэл эс болон бэлгийн эсийн донорыг;

4.1.5."тархины үхэл" гэж тархины, эсхүл тархины багана хэсгийн үйл ажиллагаа эргэж сэргэхгүйгээр бүрэн алдагдсан байдлыг;

4.1.6."реципиент" гэж донорын эрхтэн, эд, үүдэл эсийг шилжүүлэн суулгах зайлшгүй шаардлагатай болон шилжүүлэн суулгасан хүнийг;

4.1.7."реципиент эмнэлэг" гэж бүтцэд нь төрөлжсөн тасаг, мэргэжлийн багтай Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1.11, 15.1.13-т заасан эрүүл мэндийн байгууллагыг;

4.1.8."донор эмнэлэг" гэж амьгүй донорыг илрүүлэх, оношлох, эрхтэн хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1.7, 15.1.11, 15.1.13-т заасан эрүүл мэндийн байгууллагыг;

4.1.9."үүдэл эс" гэж хуваагдах замаар шинэ эс үүсгэх, ялгаран хөгжих чадвартай эсийг;

4.1.10."хүйн цус" гэж нярайн хүй таслагдсаны дараа ихсийн хүйн судсанд байгаа цусыг;

4.1.11."био банк" гэж оношилгоо, эмчилгээ, судалгаа болон урьдчилан сэргийлэх, хяналт хийх зорилгоор авсан эд, эсийг хадгалах тусгай зориулалтын санг;

4.1.12."эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээ" гэж эмнэлгийн нөхцөлд донорыг илрүүлэх, оношлох, эрхтэн, эд, эсийг авах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, хуваарилах, шилжүүлэн суулгах, устгах болон мэс заслын дараах эмчилгээ, хяналт хийх эмнэлгийн тусламж, үйлчилгээг;

4.1.13."эрхтэн, эд, эсийг авах" гэж донороос эрхтэн, эд, эсийг эмнэлгийн нөхцөлд авахыг;

4.1.14."эд, эсийн тохироо" гэж донор болон реципиентийн эд, эс удам зүйн шинжээрээ тохирсон байдлыг;

4.1.15."тээгч эх" гэж бусдын үр хөврөлийг тээж, хүүхэд төрүүлэх эмэгтэй хүнийг;

4.1.16."биологийн эцэг, эх" гэж тухайн хүүхдийн удмын мэдээллийг бүрдүүлсэн эцэг, эхийг;

4.1.17."сорьц" гэж оношилгоо, эмчилгээ, судалгаа болон урьдчилан сэргийлэх, хяналт хийх зорилгоор хүнээс авсан цус, эрхтний хэсэг, эд, эсийг;

4.1.18."хүйн эд" гэж нярайн хүй таслагдсаны дараа ихэстэй залгаа хэсгээс тайран авсан хүйн судсан багцыг;

4.1.19."үндэсний хүлээх жагсаалт" гэж эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгуулах шаардлагатай иргэнийг эрхтэн, эд, эс, цусны бүлгээр ангилан, эмнэл зүйн үнэлгээ, шалгуур үзүүлэлтээр эрэмбэлэн бүртгэсэн жагсаалтыг.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.