31.1.Өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, эрх шилжүүлэн авагч, өв залгамжлагчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийж болно.
31.2.Барьж дуусаагүй барилгын эрх эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн тохиолдолд уг барилгад хөрөнгө оруулсан иргэн, хуулийн этгээд /захиалагч/ нь урьдчилсан тэмдэглэл хийлгэж болно.
31.3.Урьдчилсан тэмдэглэл хийлгэх мэдүүлгийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, эрх шилжүүлэн авагч хамтран гаргах бөгөөд мэдүүлэгт гэрээ, хэлцэл, холбогдох бусад нотлох баримтын хуулбарыг хавсаргана.
31.4.Гэрээслэгчийн мэдүүлгээр урьдчилсан тэмдэглэл хийхээр бол тухайн гэрээслэлийг гэрчилсэн нотариатчийн тодорхойлолтыг үндэслэнэ.
31.5.Гэр бүлийн тухай хуулийн 22.4-т заасан урьдчилсан тэмдэглэлийг гэрлэгчид улсын бүртгэлийн байгууллагад хүсэлт гаргаж, эсхүл нотариатчаар дамжуулан эрхийн улсын бүртгэлд бүртгүүлнэ.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
31.6.Эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийхэд энэ хуулийн 15.6-д заасан журмыг баримтална.
/Энэ хэсгийн дугаарт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
31.7.Эзэнгүй үл хөдлөх эд хөрөнгө олж авсан этгээд Иргэний хуулийн 185 дугаар зүйлд заасны дагуу урьдчилсан тэмдэглэл хийлгэж болно.
/Энэ хэсгийн дугаарт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./