13.1.Үнэлгээчин, үнэлгээний хуулийн этгээд нь захиалагч, үйлчлүүлэгч, гуравдагч этгээдээс ажил төрөл, хувийн харилцаа холбооны хувьд хараат бус байна.
13.2.Энэ хуулийн 13.1-д заасан хараат бус байдлыг хангахын тулд үнэлгээчин, үнэлгээний хуулийн этгээдэд дараах зүйлийг хориглоно:
13.2.1.үнэлгээчин нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.8, 3.1.9-д заасан хандив, бэлгийг үйлчлүүлэгч, захиалагч, гуравдагч этгээдээс авахыг;
13.2.2.үйлчилгээний үнэ хөлсийг үнэлгээний зүйлийн үнийн дүнгээс шалтгаалан өөрчлөх, эсхүл тодорхой хувиар тогтоохыг;
13.2.3.үйлчлүүлэгчтэй Компанийн тухай хуулийн 99.1-д заасан нэгдмэл сонирхолтой этгээд байхыг;
13.2.4.үйлчлүүлэгчид аудитын үйлчилгээ үзүүлсэн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчтэй Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.30. а-д заасан холбогдох этгээд байхыг;
13.2.5.хөрөнгийн үнэлгээ хийх гэрээ байгуулахаас өмнөх 24 сарын хугацаанд үйлчлүүлэгчийн хувь нийлүүлсэн хөрөнгийн тав ба түүнээс дээш хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн байхыг;
13.2.6.үйлчлүүлэгч, захиалагч нь үнэлгээний хуулийн этгээдийн тухайн жилийн санхүүгийн тайланд аудитын үйлчилгээ үзүүлэхийг.
13.3.Энэ хуулийн 13.2-т заасан хараат бус байх нөхцөл, шаардлагыг зөрчсөн гэж үзвэл захиалагч, үйлчлүүлэгч болон гуравдагч этгээд хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагад хандан гомдол гаргах эрхтэй.