Jury

Нэгдүгээр бүлэг нийтлэг үндэслэл

Өргөн нэвтрүүлгийн тухай хууль 4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2019-12-12
Мөрдөж эхэлсэн
2020-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."өргөн нэвтрүүлэг" гэж радио, телевизийн хөтөлбөр бэлтгэж, нэгтгэн харилцаа холбооны сүлжээ, төхөөрөмжөөр нэг цэгээс олон нийтэд нэгэн зэрэг хүргэхийг;

4.1.2."өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ" гэж энэ хуулийн 4.1.3, 4.1.4, 4.1.5-д заасан үйлчилгээг;

4.1.3."радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээ" гэж радио давтамж ашиглан сүлжээ байгуулж, хэрэглэгч хүлээн авах төхөөрөмж ашиглан радио, телевизийн үйлчилгээг тодорхой хүрээнд үнэ төлбөргүй хүлээн авах боломжоор хангах үйлчилгээг;

4.1.4.“олон суваг дамжуулах үйлчилгээ” гэж утастай, утасгүй, хиймэл дагуулын сүлжээгээр, интернэт протоколд суурилж радио, телевизийн олон сувгийг хэрэглэгчид гэрээний үндсэн дээр дамжуулан хүргэхийг;
/Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

4.1.5."радио, телевизийн үйлчилгээ" гэж өөрийн редакцад хөтөлбөр бэлтгэн харилцаа холбооны сүлжээнд холбогдож, олон нийтэд түгээх үйлчилгээг;

4.1.6."олон нийтийн радио, телевиз" гэж Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд заасан зөвхөн олон нийтийн эрх ашигт үйлчилдэг, ашгийн төлөө бус радио, телевизийн үйлчилгээг;

4.1.7."арилжааны радио, телевиз" гэж хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай, ашгийн төлөө үйл ажиллагаа эрхлэх радио, телевизийн үйлчилгээг;

4.1.8."контент" гэж харилцаа холбооны сүлжээгээр дамжиж байгаа үг, дуу, тэмдэг, дохио, текст, зураг, график, хөдөлгөөнт дүрс бүхий бүх төрлийн мэдээ, мэдээллийг электрон хэлбэрт хувиргасныг;

4.1.9."хөтөлбөр" гэж бүх төрлийн нэвтрүүлгийг радио, телевизээр дамжуулах хуваарьт оруулсан багцыг;

4.1.10."нэвтрүүлэг" гэж радио, телевизээр дамжуулах зориулалтаар бэлтгэсэн бүх төрлийн контентыг;

4.1.11."үндэсний бүтээл" гэж Монгол Улсын иргэн, эсхүл тухайн бүтээлийн уран бүтээлчдийн багийн гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувь нь Монгол Улсын иргэн бүтээсэн бүтээлийг;

4.1.12."мэдээ" гэж Монгол Улсын болон олон улсын цаг үеийн үйл явдлын талаарх өдөр бүрийн тогтмол мэдээллийн нэвтрүүлгийг;

4.1.13."захиалгат нэвтрүүлэг" гэж радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчид нэвтрүүлгийг бэлтгэх, дамжуулахаар хандсан хүсэлтийн дагуу бэлтгэсэн нэвтрүүлгийг;

4.1.14."суваг" гэж радио, телевизийн хөтөлбөрийг дамжуулах сүлжээний багтаамжийн нэгжийг;

4.1.15."ивээн тэтгэгч" гэж нэвтрүүлгийг бэлтгэхэд санхүүгийн болон бусад хэлбэрээр дэмжлэг үзүүлж байгаа этгээдийг;

4.1.16."хадмал тайлбар" гэж телевизийн нэвтрүүлгээр гарч байгаа дүрслэлийн дуу, чимээ, авиа, яриаг тухайн агшинд нь дэлгэц дээр бичгэн хэлбэрээр илэрхийлэхийг;

4.1.17."нэгдмэл сонирхолтой этгээд" гэж хувь хүн, хуулийн этгээдтэй ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбогдсон хувь хүн, хуулийн этгээдийг;

4.1.18."ашгийн төлөө үйл ажиллагаа" гэж компани, нөхөрлөл, хувиараа эрхлэх аж ахуй, худалдаа, зээл, санхүүгийн бүх төрлийн байгууллагын үйл ажиллагааг;

4.1.19."үндсэн багц" гэж хэрэглэгч олон суваг дамжуулах үйлчилгээнээс худалдан авч болох анхдагч, хамгийн бага багцыг;

4.1.20."бүтээл" гэж зохиогчийн оюуны бүтээлч үйл ажиллагааны бодит үр дүнг;

4.1.21."өргөн нэвтрүүлгийн радио, телевиз" гэж олон талт хөтөлбөртэй, энэ хуулийн 6.1.2-т заасан үйлчилгээний сүлжээгээр заавал дамжих арилжааны радио, телевизийн үйлчилгээг;
/Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.1.22."төлбөртэй радио, телевиз" гэж хэрэглэгч тухайн сувгийг сонгон, олон суваг дамжуулах үйлчилгээгээр дамжуулан төлбөр төлснөөр идэвхжих радио, телевизийн үйлчилгээг.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.