1.Прокурор хэргийг шүүхэд шилжүүлэх үндэслэлтэй гэж үзвэл яллах дүгнэлт үйлдэн харьяалах шүүхэд хүргүүлнэ.
2.Яллах дүгнэлт нь тэмдэглэх, тогтоох хэсэг, хавсралтаас бүрдэнэ.
3.Яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт дараахь зүйлийг тусгана:
3.1.яллагдагчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, биеийн байцаалттай холбоотой бусад мэдээлэл;
3.2.яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт.
4.Яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт дараахь зүйлийг тусгана:
4.1.яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх;
4.2.эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн харьяалал;
4.3.яллах дүгнэлт үйлдсэн прокурорын нэр, албан тушаал, он, сар, өдөр.
5.Яллах дүгнэлтийн хавсралтад дараахь зүйлийг тусгана:
5.1.шүүх хуралдаанд шинжлэн судлах нотлох баримтын жагсаалт, мэдүүлэг авахаар дуудах бусад оролцогчийн нэр;
5.2.таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан эсэх, түүний хугацаа;
5.3.хохирол, хор уршгийн талаархи мэдээлэл;
5.4.эд мөрийн баримт, хураасан, битүүмжилсэн эд хөрөнгө.
6.Прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж, хавтаст хэргийн материалыг ажлын 3 өдрийн дараа харьяалах шүүхэд шилжүүлэх тухай яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ.
/Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
7.Яллагдагч яллах дүгнэлтийг гардаж авахаас татгалзвал энэ тухай тэмдэглэл үйлдэж, шаардлагатай бол дуу-дүрсний бичлэгээр баримтжуулж хэргийг шүүхэд шилжүүлнэ.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
8.Өмгөөлөгч хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө энэ хуулийн 32.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан яллагдагчийг шүүхэд шилжүүлэхтэй холбоотой санал, хүсэлтийг бичгээр гаргаж, хэрэгт хавсаргаж болно.
/Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
9.Төрийн нууцад хамаарах мэдээлэл агуулсан яллах дүгнэлтийг яллагдагчид бүрэн танилцуулан, төрийн нууцад хамаарах хэсгийг уншигдах боломжгүй байдлаар нууцалж, гардуулан өгнө.
/Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./