Jury

Дөрөвдүгээр бүлэг. Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрөл

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль 20 дугаар зүйл. Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2014-01-09
Эх сурвалжаас татсан
2026-10-22

/Энэ зүйлийн гарчигт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

20.1.Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрөл эзэмшигч доор дурдсан эрх эдэлж, үүрэг хүлээнэ:
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

20.1.1.тухайн уурхайн эдэлбэрт оршиж байгаа түгээмэл тархацтай бүх төрлийн ашигт малтмалыг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу ашиглах;

20.1.2.энэ хуулийн зургаадугаар бүлэгт заасан үүргийг биелүүлэх;

20.1.3.уурхайн эдэлбэрээс олборлосон бүх төрлийн түгээмэл тархацтай ашигт малтмал, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээр борлуулах;

20.1.4.уурхайн талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул явуулах;

20.1.5.түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрлийн хугацааг ашигт малтмалын нөөцийн хэмжээнээс хамааран 10, 10 жилээр сунгуулах;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

20.1.6.ашиглалтын үйл ажиллагаа явуулах зорилгоор уурхайн талбайд нэвтрэн орох, дамжин өнгөрөх, шаардлагатай барилга байгууламж барих, түүнийг ашиглах;

20.1.7.энэ хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх зорилгоор бусдын өмчлөл, эзэмшилд байгаа газарт түүний өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрсний дагуу нэвтрэх, дайран өнгөрөх;

20.1.8.уурхайн эдэлбэрээс олборлосон бүх төрлийн түгээмэл тархацтай ашигт малтмал, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь стандартын шаардлагад нийцсэн байх;

20.1.9.холбогдох хууль тогтоомжийн дагуу газар, ус ашиглах.

20.2.Газар өмчлөгч, эзэмшигч нь тухайн газарт байгаа түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиг олох зорилгогүйгээр өөрийн ахуйн хэрэгцээнд ашиглаж болно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.