1.1.Энэ хуулийн зорилт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, тэднийг мэдээллээр хангах, дэмжлэг, туслалцаа үзүүлэх эрх зүйн үндсийг тогтооход оршино.
/Энэ хэсэгт 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./
2.1.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3.1.Гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуульд заасан зарчмаас гадна дараах үндсэн зарчмыг баримтална:
3.1.1.хүний хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;
3.1.2.нууцлалыг хамгаалах;
3.1.3.шуурхай байх;
3.1.4.хамтран ажиллах.
3.2.Гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагаа нь хамгаалалтад байгаа хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, түүнчлэн эрүү шүүлт тулгах болон хүнлэг бус, хэрцгий хандах явдлаас ангид байх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг хязгаарлахгүй.
3.3.Хамгаалалтад байгаа хүн мэдээллээр хангагдах, мэдээлэл задрахаас хамгаалагдах, өмч болон ажлын байраа хадгалуулах эрхтэй.