Jury

Тавдугаар бүлэг. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд тавих хяналт

Даатгалын тухай хууль 21 дүгээр зүйл. Даатгагч хөрөнгөө шилжүүлэхэд тавих хяналт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2004-04-30
Мөрдөж эхэлсэн
2005-06-01
Эх сурвалжаас татсан
2026-10-07

21.1.Даатгагчийн энгийн хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийг дангаараа буюу бусад этгээдтэй хамтран эзэмшиж буй этгээд өөрийн өмчлөл, эзэмшилд буй хөрөнгийг Зохицуулах хорооны бичгээр, эсхүл энэ хуулийн 19.2-т заасан цахим хэлбэрээр өгсөн зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэхийг хориглоно.
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

21.2.Аливаа этгээд Зохицуулах хорооноос бичгээр, эсхүл энэ хуулийн 19.2-т заасан цахим хэлбэрээр өгсөн зөвшөөрөлгүйгээр даатгагчийн энгийн хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийг дангаараа буюу бусад этгээдтэй хамтран шууд буюу шууд бусаар эзэмших, өмчлөхийг хориглоно.
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

21.3.Даатгагч өөрийн эзэмшил, өмчлөлд буй энэ хуулийн 21.1-д заасан хөрөнгийн талаар Зохицуулах хорооноос бичгээр, эсхүл энэ хуулийн 19.2-т заасан цахим хэлбэрээр өгсөн зөвшөөрөлгүйгээр дараахь үйлдэл хийхийг хориглоно:
/2024-01-12 нэмэлт өөрчлөлт оруулсан /

21.3.1.худалдах, шилжүүлэх, барьцаалах зэргээр захиран зарцуулах, эсхүл захиран зарцуулахыг бусдад зөвшөөрөх;

21.3.2.өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх болон багасгах үр дагаварт хүргэх хувьцаа гаргах, хуваарилах, хувьцаа эзэмшигчдийн эзлэх хувийг бууруулах буюу нэмэгдүүлэх үр дагаварт хүргэх хэлцэл хийх.

21.4.Даатгагч энэ хуулийн 21.3-т заасан үйлдэл хийх зөвшөөрөл хүссэн өргөдлийг Зохицуулах хороонд гаргах бөгөөд дараах шаардлагыг хангасан талаарх баримт бичгийг хавсаргана:
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

21.4.1.хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гарсан байх;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

21.4.2.компанийн шинэчилсэн дүрэмд холбогдох өөрчлөлтийг тусгасан байх;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

21.4.3.хувь нийлүүлсэн мөнгөн хөрөнгө нь хууль ёсны орлогын эх үүсвэрээс бүрдсэн байх;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

21.4.4.шинэ хувьцаа эзэмшигч нь тохиромжтой этгээдийн шалгуурыг хангасан байх.
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

21.5.Даатгагчийн энгийн хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийг дангаараа буюу бусад этгээдтэй хамтран эзэмших, өмчлөхийг хүсэгч нь ийнхүү эзэмших, өмчлөх тохиромжтой этгээд гэж үзсэн тохиолдолд Зохицуулах хороо даатгагчид зөвшөөрөл олгоно.

21.6.Зохицуулах хороо энэ хуулийн 21.5-д заасан зөвшөөрөл олгохдоо шаардлагатай гэж үзсэн бусад нөхцөл, шаардлага тавьж болно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.