Jury

Хоёрдугаар бүлэг. Кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа

Кибер аюулгүй байдлын тухай хууль 9¹ дүгээр зүйл. Кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ, мэдээллийн аюулгүй байдлын аудит хийх хуулийн этгээдийг бүртгэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-12-17
Мөрдөж эхэлсэн
2022-05-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

/Энэ зүйлийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

9¹.1.Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 8.1, 8.2-т заасан үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрөл хүссэн өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг хүлээн авч, хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан гэж үзвэл зөвшөөрөл олгох тухай шийдвэр гаргаж, бүртгэлийн гэрчилгээ олгоно.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

9¹.2.Зөвшөөрөл хүсэгч өргөдөлд зөвшөөрлийн ангилал, түүнд холбогдох үйл ажиллагааны зорилго, үндэслэлийг тодорхой тусгах бөгөөд дараах баримт бичгийг өргөдөлд хавсаргана:
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

9¹.2.1.зөвшөөрөлд тавигдах хуульд заасан нөхцөл, шаардлага хангасныг нотолсон баримт бичиг;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

9¹.2.2.энэ хуулийн 8.2, 9.2, 9.3-т заасан нөхцөл, шаардлага хангасныг нотолсон баримт бичиг.
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

9¹.3.Зөвшөөрлийн хугацаа нь зөвшөөрөл эзэмшигчийн орон тооны ажилтны олон улсын мэргэжлийн холбоо, стандартын байгууллага, эсхүл түүнтэй дүйцэхүйц байгууллагаас олгосон хүчин төгөлдөр зөвшөөрөл олгосон гэрчилгээний дуусах хугацаатай адил байна.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

9¹.4.Зөвшөөрөл эзэмшигчийн орон тооны ажилтан өөрчлөгдсөн талаарх мэдээллийг тухай бүр цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдэж, зөвшөөрөл олгосон гэрчилгээнд өөрчлөлт оруулсан бүртгэлийг хийлгэнэ.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

9¹.5.Энэ хуулийн 9¹.4-т заасан бүртгэлийг хийлгээгүй нь зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг хүчингүйд тооцох үндэслэл болно.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.