Jury

Тавдугаар бүлэг. Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө, компанийн хувьцаа, бусад үнэт цаас

Компанийн тухай хууль 36 дугаар зүйл. Алтан хувьцаа

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2011-10-06
Мөрдөж эхэлсэн
2011-11-21
Эх сурвалжаас татсан
2026-10-17

/Энэ зүйлийг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

36.1.Засгийн газар төрийн өмчит үйлдвэрийн газар болон төрийн өмч давамгайлсан компанийн төрд ногдох хэсгийг бүхэлд нь хувьчлах тухай шийдвэр гаргахдаа тодорхой хугацаанд энэ хуулийн 36.2-т заасан асуудлаар компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөлийн болон гүйцэтгэх удирдлагын шийдвэрт хориг тавих эрхтэй, ногдол ашиг авдаггүй, өөр ямар нэг эрхгүй алтан хувьцааг гаргахаар зааж болно.

36.2.Алтан хувьцаатай компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлагаас дор дурдсан асуудлаар гаргасан шийдвэр нь үндэсний аюулгүй байдал, нийгмийн эрх ашигт харшилсан тохиолдолд Засгийн газар хориг тавина:

36.2.1.хувьчлахаас өмнө эрхэлж байсан үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөх;

36.2.2.компанийг өөрчлөн байгуулах, татан буулгах;

36.2.3.их хэмжээний хэлцэл байгуулах;

36.2.4.бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний үнэ, тарифыг тогтоох, өөрчлөх.

36.3.Засгийн газар энэ хуулийн 36.2-т заасны дагуу хориг тавих тухай шийдвэртээ хориг тавьж байгаа үндэслэлээ заана.

36.4.Энэ хуулийн 36.2-т заасан асуудлаар компанийн гаргасан шийдвэр Засгийн газрын батламжилснаар хүчин төгөлдөр болно.

36.5.Алтан хувьцааг бусдад шилжүүлэхийг хориглоно.

36.6.Энэ хуулийн 36.1-д заасан тодорхой хугацаа дуусмагц алтан хувьцаа нь хүчингүй болох бөгөөд хугацааг дахин сунгахгүй.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.