Jury

Хорин тавдугаар бүлэг. Мэдүүлэг авах, нүүрэлдүүлж мэдүүлэг авах, мэдүүлгийг шалгах, таньж олуулах

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 25.3 дугаар зүйл. Арван найман насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-05-18
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-12

1.Арван найман насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авахын өмнө түүнд хэргийн талаар мэдэх бүх зүйлээ үнэн зөв мэдүүлэхийн чухлыг тайлбарлана. Арван зургаан насанд хүрээгүй гэрч, хохирогчид санаатайгаар худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагын талаар урьдчилан сануулахгүй.

2.Арван найман насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авахад хууль ёсны төлөөлөгч, эсхүл төрөл, садангийн хүнээс гадна түүний сэтгэл зүйд эргэлзээ төрвөл сурган хүмүүжүүлэгч, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын ажилтан, сэтгэл зүйчийг оролцуулж болно. Мэдүүлэг авах ажиллагаанд байлцсан хүнд эрх, үүргийг нь тайлбарлан өгч, энэ тухай тэмдэглэлд тусгана. Сурган хүмүүжүүлэгч, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын ажилтан, сэтгэл зүйчийг мэдүүлэг авах өрөө, эсхүл мэдүүлэг авах ажиллагааг ажиглах техникийн нөхцөл хангасан тусгай өрөөнөөс оролцуулах эсэхийг оролцогчийн санал, хүүхдийн эрх ашгийг харгалзан мөрдөгч, прокурор шийдвэрлэнэ.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

3.Арван найман насанд хүрээгүй хүний эрх ашиг зөрчигдөх бодит үндэслэл байвал энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүнийг оролцуулахгүй байж болох ба өмгөөлөгчийг оролцуулна.

4.Мэдүүлэг авахад оролцож байгаа хүн арван найман насанд хүрээгүй гэрчид асуулт тавьж болно.

5.Арван найман насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авах ажиллагаанд оролцож байгаа өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, төрөл, садангийн хүн, сурган хүмүүжүүлэгч, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын ажилтан, сэтгэл зүйч нь мөрдөгчийн зөвшөөрснөөр асуултыг зөв ойлгосон эсэхийг тодруулан асууж, тайлбарлаж болно. Арван найман насанд хүрээгүй хүнд тавьсан тодорхой асуулт түүний эрх ашиг, сэтгэл зүйд сөргөөр нөлөөлнө гэж тухайн мэдүүлэг авах ажиллагаанд оролцсон сэтгэл зүйч, сурган хүмүүжүүлэгч санал гаргавал мөрдөгч тухайн асуултыг зөвхөн прокурор, шүүгчийн зөвшөөрлөөр дахин тавьж болно.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

6.Мэдүүлэг авч дуусмагц мэдүүлэг зөв бичигдсэн эсэхийг мэдүүлэг авахад оролцсон хүнд танилцуулж, гарын үсэг зуруулна.

7.Арван найман насанд хүрээгүй хүнээс шөнийн цагаар мэдүүлэг авахыг хориглоно.

8.Арван зургаан насанд хүрээгүй хүнээс тусгай өрөөнд ярилцлагын аргаар мэдүүлэг авна. Мэдүүлэг авах ажиллагааг дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

9.Арван зургаан насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авах ажиллагааг хоёроос илүүгүй удаа явуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд шүүгч, прокурорын зөвшөөрлөөр тус бүр нэг удаа мэдүүлэг авч болно.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

    Заалт5

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.